Sunday, December 17, 2006

Хөгжилтэй, бүтээлч амьдарцгаая!

Амьдралд өөрийн гэсэн хүсэл зорилгогүй хүн юу ч бүтээж хийж чаддаггүй. Харин урдаа зорилго тавиад түүндээ хүрэх гэж үхэн хатан тэмцэж зорилгодоо хүрч чадсан хүн л аз жаргалтай амьдардаг. “Алдагдсан цаг хугацаа гэдэг эргэж буцдаггүй үхэлтэй адил” гэж 1-р Петр хаан хэлэхдээ юу бодож байсан бол? Магадгүй энэ хүн бидэнтэй л адил алдаж онож явсныхаа дараа гэнэт ухаар ч бүхнийг буцаагаад шинээр эхлэхийг хүссэн ч цаг хугацааг эргүүлж авчирч бүхнийг өөрчилж чадаагүйдээ харамсан энэ үгийг биднийг өөрийнх нь алдааг битгий давтаасай гэж бодон хэлсэн ч байж болохым. Амьдрал хэнийг ч ялгалгүй зовлон бэрхшээл саад тотгорыг тараан цацаж байдаг. Үүнийг сэтгэлийн тэнхээ, эрх хүчтэй ажилсаг, бүтээлч хүмүүс л даван туулж цаг хугацааг эзлэн амьдардаг бол, харин амьдралын зорилгогүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хүмүүс нь цаг хугацааг даган урссаар өөрөөр хэлбэл цаг хугацааны боол болон амьдрасаар насыг элээдэг. Тэгвэл бид амьдралыг яаж хөгжилтэй, инээд хөөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, эргээд харахад өнгөрсөн цаг хугацаандаа харамсахааргүй амьдрах вэ? Энэ бол надаас, багшаас, хамт олноос, эцэг эхээс чинь шалтгаалах асуудал огтхон ч биш. Энэ бол зөвхөн бие, иргэн хүн болон амьдралд хөл тавих гэж буй таниас л шалтгаална. Хамгийн гол нь хүн зорилготой л байвал амьдралын утга учир бий болно гэсэн үг. Зорилго л хүнийг агуу их бүтээн босголтонд дууддаг. Хэрвээ та хийсэн бүтээсэн, босгосон, үйлдвэрлэсэн, зүйлтэй бол өөрөөрөө бахархан бардамхан алхаарай. Бага зүйл бүтээгээгүй хүн ихийг бүтээх боломжгүй гэж мэргэдийн хэлсэн үг байдаг. Хүн агуу хүсэл мөрөөдөл, том төлөвлөгөө гаргаад, гол нь түүндээ бага багаар тэмүүлэх ёстой юм шиг надад санагддаг. Амьдралын ерөнхий зорилгоо гаргаад өдөр бүр ямар нэгэн жижиг зүйл бүтээх зорилго тавиад, түүнийг хийж хэрэгжүүлэхийн оронд “мөрөөдөл” болгон хадгалсаар хамаг сайхан боломжоо бид алддаг. Энэ бүхэн ганцхан залхуугаас болдог гэхэд та итгэх үү? Та эргэлзэж болох ч энэ бодитой зүйл. Залхуу гэдэг энэ өвчнийг л ялан дийлж чадвал та хүсэл зорилгоо мөрөөдөл биш болгож болно. Тиймээс хийсэн бүтээсэн зүйлгүй урсгалаараа аз жаргал надад аяндаа ирнэ гээд суух хэрэггүй. Урдаа зорилт тавиад ирээдүй болсон эх орон, энэхэн хорвоод төрүүлсэн эцэг эх, алдаж оносон ч амьдрасаар л байдаг өөрийнхөө төлөө тэмцэцгээ найзуудаа. Бусдын хийж чадаагүй зүйлийг сэтгэж бүтээ, өөртөө зав чөлөө өгөлгүй ажил, хийсэн бүтээсэн зүйлээ хараад баярла, энэ бол амьдрал. Амьдрал бол аалзны тортой адил. Хүч дорой хүн түүнд орооцолддог бол хүчтэй нь түүнийг сэтэлж гардгым.
Амьдрал бол бидэнд өгсөн бурханы бэлэг. Харин амьдралдаа хийж буй зүйл чинь бурханд өгч байгаа таны бэлэг.

1 comment:

Док said...

Өчигдөр орой Монгол ТВ-ээр "Энэ тухай" гэдэг нэвтрүүлэг гараад... Яг л энэ тухай, хүн өөрийгөө өөрчлөх, залхуурлыг хаях тухай гарсан юм л даа.
Гол зарчим бол ОДОО, ЭНД гэдэг зарчим. Хэзээ ч маргааш гэж байж болохгүй.. гэх мэт. Ер нь энэ тухай блогтоо бичье байз ;-)