Sunday, July 20, 2008

Итгэл Ц.Хулан

Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл үүдэн тушаа салхинд зохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудхад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээн
Ийм залхаалыг бурханаас бус надаас чи хүлээнэ
Тэвэр жаргал, тэвэр зовлонгын ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэр газрын завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий шигээ итгэнээ.