Showing posts with label Яруу найраг. Show all posts
Showing posts with label Яруу найраг. Show all posts

Sunday, July 20, 2008

Итгэл Ц.Хулан

Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл үүдэн тушаа салхинд зохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхөрлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
Унахад чинь тосдог газар үгүй болно
Уруудхад чинь түших гар үгүй болно
Итгэлээр минь чи тоглосон байж гэмээн
Ийм залхаалыг бурханаас бус надаас чи хүлээнэ
Тэвэр жаргал, тэвэр зовлонгын ертөнц эргэнэ
Тэнхлэг нь харин итгэл дээр тогтоно
Тэнгэр газрын завсар надгүй чи зовно
Тэрүүнд чинь би харин эрхий шигээ итгэнээ.

Thursday, February 01, 2007

Би дургүй Ц.Хулан

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон

Monday, January 15, 2007

Анд найз нартаа Ц.Хулан

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ? Анд нөхдөөр би дутаагүй
Намрын усан бороо яндан дагаад урсхад
Найзынхаа дэргэд дулаацах гэж би гэрээсээ гардаг
Нанчид бүлээн цай хаанаас ч олддог орчлон дээр
Найзынхаа гараас хор уугаад сэхэх гэж би яардаг аа
Дайнтай цагын тэнгэр мэт бараан нь голдуу амьдралд
Дайзтай сум шиг эгнэж явлаа ч нөхөд минь цувж одсоор байна
Шархадсан зүрхийг минь ертөнцийн ямарч рашаанаар анагаахгүй
Шарлынх нь цэцгийг үнэрлэж нэг тайтгардаг аа
Шүлгэндээ тавих эцсийн цэг миний нөхдийн нулимс юм
Шүтээндээ бурхантай цуг залах нь миний нөхдийн хөрөг юм
Шүүх эцсийн цааз миний нөхдийн үнэн гашуун үг юм
Шүүдэртэй талд намайг тавих нь миний нөхдийн л мутар юм аа

Thursday, January 11, 2007

Аавдаа Ц.Хулан

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хорвоод ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхлэж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлэгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овголсон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.