Tuesday, January 02, 2007

“Зөвлөмж”

Энэхүү “Зөвлөмж”-ийг би улирлын шалгалтаа өгөх гэж байгаа оюутан залуус мөн шалгалт авах гэж байгаа багш таньд зориуллаа. Учир нь авах, өгөх гэж байгаа хэн хэн нь сэтгэл санаа, биеийн хувьд нилээдгүй ачаалалтай байдгын үндсэн дээр стрест, цаашлаад түгшүүрт ордог учир дээрх зөвлөмжийг миний зүгээс та нартаа зориулан бичлээ. Үүнийг уншиж үзэх багш, мөн сониучхан зантай оюутан та бүхэндээ миний зүгээс өргөн барьж байгаа шинэ жилийн бэлэг юм шүү. Бэрхшээл хүндрэлийн үед их бухимдаж сэтгэлээ их өвтгөх тусам, зовлон бидний дотор улам удаан орших болно. Тиймээс бухимдал гунигаа түргэн сарниулах тусам сэтгэл амар амгалан болж, амьдралдаа аз жаргалыг дуудаж, саруул ухаанаар шийдвэр гарган стресээс салах юм. Тиймээс танд миний зүгээс сэтгэлийн айдсаас түр ч болов өөрийгөө чөлөөлөх доорх зөвлөмжийг санал болгож байна.
· Хүн дуртай зүйлээ хийж байхдаа сэтгэлийн маш их таашаалтай мөн аз жаргалтай байдаг. Тиймээс та өөрийн хамгийн дур сонирхолтой ажилаа хийж сэтгэлийн түгшүүрээс түр ч болов өөрийгөө салгаж болох юм. Зовлон гунигаа бодох завсар зай өгөлгүй ажилах хэрэгтэй.
· “Хүн бүхэн адилгүй хүлэг бүхэн жороогүй” үүний нэгэн адилаар хүн бүр өөр өөрийн зан араншинд нийцүүлэн сэтгэлийн түгшүүрээс өөрийгөө гаргаж байдаг. Хэрэв та бухимдсан шаналсан үедээ найз нөхдийнхөө дунд биш ганцаараа байхыг илүүд үздэг бол доорх бясалгалыг хийгээд үзээрэй. Чимээ шуугиангүй тухтай орчинд сандал эсвэл орон дээр аль болох өөртөө тухтай байхаар суугаад нүдээ анин бүхэл зүйлийг цагаанаар төсөөлөн бод. Өөрийн чинь бодол санаанд орж ирж байгаа бүхэл муу муухай, бухимдал үүсгээд байгаа зүйлсээ сүү шиг цагаан ариун гэж бодоод хэсэг хугацааны дараа нүдээ зөөлөн нээгээд хараарай. Та ертөнцийг хэсэг хугацаанд ч болов цав цагаанаар харсандаа өөрийгөө азтайд тооцон тэр өдрийн турш бүхэл зүйлийг сайхнаар харан бие сэтгэлийн жаргалыг мэдрэх болно.
· Та юуны түрүүнд шаналж зовж, сэтгэл чинь түгшээд байгаа зүйлсийг цаас бал аван өөрийн бодол санаанд орж ирж байгаа бүхэл зовлон гунигаа бичээрэй. Өөрөө өөрөөсөө нуун сэтгэл дотроо хадгалах ч хэрэггүй. Хүн уншчихвий гэж битгий айж түгш. Бичсэн зүйлээ эргэж уншиж нягтлах ч шаардлагагүй зүгээр л шатаачих. Ингэсний дараа биенээс чинь нээх том юм салаад унчихсан ч юм шиг бие болон сэтгэл чинь хөнгөрсөн байна.
· Сэтгэл сэргээх айдас түгшүүрийг намжаах өөр нэг арга бол ном. Харагдсан ном болгоныг шүүрэн авч яаран уншихаас зайлсхий. Эхлээд номны нэр болон гарчгийг хар. Зовж шаналаж байгаа зүйлсийг мартуулж чадахуйц аз жаргал, баяр баясал, хайр сэтгэлийн талаар сэдэвтэй ном зохиолыг сонгон авч өөртөө зав чөлөө гарган шимтэн уншаарай. Онигоо уншаад инээдэггүй хүн гэж сонсоогүй биздээ. Хэрэв таньд ном зохиол уншихаар зав цаг байдаггүй бол онигоог ч сонгож болно шүү дээ.
· Ингээд таньд сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах сүүлчийн хамгийн энгийн аргыг хэлж өгье! Сэтгэлийн зовлон хүнийг айлгаж түгшээж стрест оруулахаас гадна, бие болон сэтгэлийг ядраадаг. Тиймээс та юу ч хийж өөрийгөө зовоох шаардлагагүй. Зүгээр л ороо засаад унт. Энэ бол сэтгэлийн айдас түгшүүрийг намжаах хамгийн энгийн бөгөөд хамгийн шилдэг арга гэж би хувьдаа боддог. “ Нэг цагийн зовлонгоо мартъя гэвэл ид. Нэг хоногын зовлонг мартъя гэвэл унт”.
Миний санал болгосон эдгээр аргууд таньд таалагдаж мэдэгдэхүйц үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Яах вэ? Гэж шаналж зогсохын оронд туршаад л үз.

Танд амжилт хүсье!




No comments: